УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 67.6 хувь нь дэмжсэн тул батлажээ.
Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан юм.
Тэрбээр "У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдож, зургаадугаар сарын 25-ны өдөр УИХ-д тангараг өргөн Ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн тул УИХ-ын гишүүний орон гарсан гэж УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйл болон СЕХ-ноос ирүүлсэн саналыг үндэслэн УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт “Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана.” гэж заасны дагуу СЕХ-ны саналыг үндэслэн УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2021 оны долдугаар сарын 9-ний өдрөөс эхлэхээр товлох, санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр байхаар боловсруулсан болно" гэж тогтоолын төслийг танилцууллаа.
Үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хороо тогтоолын төслийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан.
Тэрбээр "УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санүүжүүлэх зардлын хэмжээ 2,287,344, 090.0 тэрбум төгрөг байх бөгөөд зардлыг засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тогтлоо" гэлээ.