АНУ-ын хөнгөн атлетикийн тамирчин, 32 настай Скаут Бассетт энэ зун паралимпийн хоёр дахь тэмцээндээ оролцоно.
Бассетт Хятадын Нанжин хотод төрсөн бөгөөд нялх байхдаа нэг хөл нь галд түлэгдэн, гэмтжээ. Амьдралынхаа эхний долоон жилийг асрамжийн газарт өнгөрөөсөн түүнийг 1995 онд америк эцэг эх нь өргөж аван Мичиган муж руу нүүсэн байна.
Багадаа нэг хөлөө тайруулж, хиймэл хөлтэй болсон Бассетт Токиогийн паралимпийн наадамд оролцохоосоо өмнө Self сэтгүүлд гарчээ . 2016 онд Риогийн Паралимпийн наадамд 100 метрийн зайд 5-р байр, уртын харайлтад 10-р байр эзэлж байв. Мөн тэрбээр дэлхийн аваргын хоёр хүрэл медальтай чадварлаг тамирчин.
“Би багадаа биеийн тамирын хичээлийг үзэн яддаг байсан. Учир нь хүүхдүүдийг багт хуваахад би хэзээ ч сонгогддоггүй, үргэлж хамгийн сүүлд үлддэг байлаа” хэмээн бага насныхаа тухай дурсжээ.
Бассетт өсвөр насандаа хиймэл хөлөө хүний нүднээс нуухыг оролдож, далдалсан урт хувцас өмсөж эсвэл гадна талаар нь юмаар бүрдэг байжээ. Гэсэн ч одоо бүх зүйл өөрчлөгдсөн гээд "Гүйх мөчид би эрх чөлөө, хязгааргүй мэдрэмжийг мэдэрч, намайг жаахан охин байхад жиндүүлж байсан бүх гинжийг тас татаж байгаа мэт санагддаг. Би гүйж байна, би юу ч болсон хамаагүй өөрийгөө хэзээ ч хийж чадахгүй гэж бодож байсан зүйлээ хийж байна шүү дээ" гэж тэр сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Мөн тэрээр “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг сул дорой, дутагдалтай мэт харагдуулдаг хандлага ирээдүйд өөрчлөгдөнө гэж найдаж байна. Өөрчлөх цаг нь ч болсон” гэжээ.
Түүнчлэн Бассеттын онцлохыг хүссэн өөр нэгэн зүйл нь азиудыг ялгаварлан гадуурхалт. Ази гаралтай Америк хүний хувьд тэрээр олон нийтийн үзэн ядалт, халдлагад сэтгэлээр унаж байгаагаа хэлжээ. Тэрээр "Тэд суши, рамен, хятад хоолонд дуртай байдаг биз дээ. Яг л түүн шиг бидний хоолонд дуртай шигээ азиудад ханддаг байгаасай гэж боддог" гэжээ.
Эх сурвалж: Reuters