Нээлт болохоос хэдхэн цагийн өмнө Гвиней улс олимпыг өнжих шийдвэрээ цуцалж буйгаа мэдэгджээ.
Тус улс өмнө нь коронавирусийн цар тахлаас болгоомжлох үүднээс эрх авсан таван тамирчнаа олимпод оролцуулахгүй гэж мэдэгдээд байсан юм. “Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагаас баталгаа гаргасны дараа манай тамирчид Зуны XXXII олимпын наадамд оролцохоор болсонд баяртай байна” хэмээн Гвиней улсын Спортын сайд Б.Соу мэдэгджээ.
Олимпыг өнжих эхний шийдвэр нь санхүүгийн асуудалтай холбоотой байсан бөгөөд тус улсын Засгийн газарт ойр эх сурвалж “Сангийн яам мөнгө гаргах боломжгүй гэсэн” хэмээн ярьсан байна. Гэхдээ Гвинейн Үндэсний олимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Нассоко Associated Press-т өгсөн ярилцлагадаа Токио руу аялах зардлын мөнгө бэлэн болсон хэмээжээ. Ингэснээр чөлөөт бөхийн Я.Камара, жүдоч М.Бах, усанд сэлэгч Ф.Туре, М.Бах, спринтер А.Конте нар эх орноо төлөөлөн олимпод оролцохоор болжээ.
Тэд 2016 оны Риогийн олимпод мөн таван тамирчинтай оролцож байв. Гвиней шийдвэрээ өөрчилснөөр коронавирусийн улмаас олимпод оролцохоос татгалзсан ганц улс нь БНАСАУ хэвээр үлдлээ.