Баянзүрх дүүргийн хэмжээнд одоогийн байдлаар 6 хорооны 14 байршил, 255,2 га газарт гэр хорооллын барилгажуулах дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байна. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2, 8, 12, 13, 14, 16 дугаар хороодод хийгдэж байгаа дахин төлөвлөлтийн гүйцэтгэл, зарим удаашраад байгаа барилгын явцад хяналт тавин ажиллалаа.Гэр хорооллын дахин төлөвлөлтийг явуулахад хүндрэлтэй байгаа нийтлэг шалтгаанууд нь цөөн тооны иргэд газраа чөлөөлж өгөх сонирхол бага, мөн өмнөх төсөл гүйцэтгэгчийн буруутай үйлдлээс хохирсон зэрэг олон асуудлууд байгаа ч зарим компаниуд иргэдийг орон сууцанд оруулсны дараагаар газар чөлөөлөх ажлыг гүйцэтгэх зарчмаар ажиллаж байгаа юм.
Түүнчлэн иргэд газраа чөлөөлж өгөхгүй цаг хугацаа алдсанаас гүйцэтгэгч компани нь хөрөнгө оруулагчаа алдах эрсдэл үүсч байгаа талаар дурдаж байв.
Ажлын хэсэг удаашралтай байгаа шалтгаануудыг тодруулж дүүргийн зүгээс шийдвэрлэх боломжтой ажлуудын судалгааг мөн хийсэн юм. Ингэснээр гүйцэтгэгч компаниудын ажлын уялдаа холбоо сайжирч, тулгамдаж буй асуудлаа эрэмблэн шат дараатай шийдвэрлүүлэх боломж байгаа гэлээ.
Дахин төлөвлөлтийг дагаад таатай орчин нөхцөлд аюулгүй амьдрах эрхээ эдлэх нь иргэн таны болоод бид бүгдийн хамтын хүч юм.