Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас “Хогоо ангилах хөдөлгөөн" аяны хүрээнд FOTON маркын нэг удаагийн ачилтаар 4.5тн хог ачих боломжтой, орчин үеийн есөн ширхэг автомашиныг хүлээлгэн өглөө.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ “Баянзүрх дүүрэг “Хоггүй БОЛГОЁ" уриан дор дөрөвдүгээр сараас хойш их цэвэрлэгээ хийж, актлах цаг нь болсон машинуудаа өөрсдийн бүхий л нөөц боломжоороо дайчилж, хороо бүрд хуваарилж ажиллаж байгаа. Ийм үед Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас дэмжиж орчин үеийн есөн хог ачилтын машин өгч байгаад талархаж байна.
Цаашлаад Баянзүрх дүүргийн Парк шинэчлэлтийн ажлыг нийслэлийн удирдлагууд дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Иргэд болон Нийслэлийн удирдлагуудтай бид хамтарч ажиллаж байж Баянзүрх дүүргээ хоггүй болгох чадна гэлээ. Баянзүрх дүүргийн хувьд хог ачилтад явдаг албан ёсны 75 машинтай, үүнээс 55 машин нь өнөөдрийн байдлаар хог ачилтад явж байгаагаас 13 машин нь сүүлийн үеийн бөгөөд үлдсэн 42 машин нь актлах болсон хэдий ч нөөц бололцоондоо тулгуурлан ажиллаж байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.