ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн Газар АИ-95, АИ-98 автобензиний экспортыг есдүгээр сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн талаар Засгийн Газраас мэдээлсэн. Энэ талаар өнөөдөр Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр “ОХУ автобензины экспорт дээр хориг тавих тухай яригдаж байна. ОХУ-аас өнгөрсөн долоо, наймдугаар сард А95 автобензиныг манай улсад нийлүүлэхэд хүндрэл үүссэн. Өөрөөр хэлбэл, дотоодын хэрэгцээг хангах шаардлагатай гэх шалтгааны улмаас шатахууны хэмжээ багассан. Тиймээс нөөц бүрдүүлэхээр БНХАУ-ын "China Oi"l компанитай хамтарч ажиллахаар хэлэлцэж байна.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 30 орчим хоногийн нөөц байна.
БНХАУ дахь автобензины үнэ ОХУ-ынхаас харьцангуй өндөр байдаг. Гадаад зах зээл дээрх шатахууны үнэ өндөр байна. Ийнхүү газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнэ тасралтгүй өсөж байгаа учир манай улсад борлуулагдаж буй шатахууны үнэ буух боломжгүй. Гадаад зах зээл дээр өссөн үед нь өсөөд, буусан үед нь бууна гэсэн үг" гэлээ.