Монгол Улсад 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд зэрэг 7 аймгийн 18 суманд нийт 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн.
Дээрх гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 1765,5 /га/, хээрийн 120.904,13 /га/ нийт 122.669,63 /га/ талбай өртөж, байгаль, экологид 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Иймд иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
- Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,
- Орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн яндангийн оч баригчтай зорчих, автомашинд зориулалтын бус нэмэлт цахилгаан хэрэгсэл залгахгүй байх,
- Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх,
- Зэрлэг амьтны үр төлтэй таарвал тусламж үзүүлэх, зураг авах, бичлэг хийх гэж оролдолгүйгээр даруй холдох,
- Баавгай, чоно, шилүүс зэрэг махчин амьтантай таарвал зугтахгүйгээр арагш аажим ухрах, нүд рүү нь эгц харах, гараа өргөх, гадуур хувцсаа дэлгэн овор хэмжээтэй харагдуулах,
- Ногоон бүсэд бамбай хоншоорт /хортой/, рашааны /хоргүй/ могой элбэг байх тул өндөр өвстэй газар аль болох явахгүй байх, урт түрийтэй гутал өмсөх зэргээр могойд хатгуулахаас сэргийлэх.
- Хатгуулсан тохиолдолд гар хөлийг чиг барьж боох, их хэмжээний шингэн уулгах, хэвтээ байдлаар зөөж яаралтай эмнэлэгт хүргэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.