Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан "Баян-Өлгий аймагт коронавирусийн халдварын тархалт өндөр эрсдэлтэй байна гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан юм. Тиймээс аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэж байна.
Тиймээс наймдугаар сарын 15-25-ны хооронд 10 хоногийн хугацаатай Улаанбаатар хот болон бусад аймгаас зорчигч, аялагчид ирэх хөдөлгөөнийг зогсоох саналаа АОК-т танилцуулна.
Харин нийслэл болон бусад аймаг руу гарах хөдөлгөөн нээлттэй байх юм. Аймгийн хэмжээнд үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг зогсоох асуудлыг хөндөж тавина.
Тэгэхдээ Өлгий хотын барааны зах, дэлгүүрүүд болон ресторан, хоолны газар зэрэг үйлчилгээг хязгаарлаж, зөвхөн хүнсний захыг цагийн хязгаартайгаар ажиллуулах талаар танилцуулна.
10 хоногийн хугацаанд сум хоорондын хөдөлгөөнийг зогсоохгүй ч хүмүүс олноор цугларч үйлчлүүлдэг газрын үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөж байна.
Коронавируст халдвар ингэж их тархсны гол шалтгаан нь хурим найр, аялал зугаалгатай холбоотой гэж мэргэжлийнхэн тайлбарлаж байна" гэв.