Эдийн засгийн нөхцөл байдал, ачаа тээврийн гацалт болон цар тахлаас болж барилгын материалын үнэ өсөөд байна
Үүнтэй холбоотойгоор барилгын салбар үүсээд буй нөхцөл байдлын талаар болон ипотекийн зээлийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараас тодрууллаа.
Сайд Б.Мөнхбаатар "Энэ оны эхний долоон сарын байдлаар 7,923 иргэн ипотекийн зээл авсан. Өнгөрсөн жил 5,644 хүн зээл авч байв. Тиймээс зээлийн хүү буурч, зээлийн санг нэмэгдүүлснээр хүртээмж сайжирсан.
Барилгын материалын үнийн өсөлт зөвхөн манай улсад болж буй үзэгдэл биш. Одоогоор манай улсад цементийн үнэ дөрвөн хувь өссөн байна. Энэ нь дотооддоо цементийн үйлдвэр байгуулсны үр дүн юм.
Харин хөөсөнцрийн үнэ бусад материалтай харьцуулахад хамгийн их буюу 92 хувиар өссөн. Хэдийгээр манайд хөөсөнцрийн үйлдвэр байгаа ч түүхий эд нь урд хөршөөс орж ирдэг. Мөн арматур, катан төмөр 80 гаруй хувийн өсөлттэй байна" гэлээ.
Үүний улмаас болон бусад тодорхой шалтгааны нөлөөгөөр хувийн хэвшлийн ихэнх компани ажлаа түр зогсоогоод байгааг салбарын сайд нь мэдэгдлээ. Одоогоор улсын төсвийн хөрөнгөөр 1,100 гаруй объект баригдаж байгаагийн 350-д нь Барилгын хөгжлийн төв хяналт тавин ажиллаж байгаа аж.