Бид энэ удаагийн ярилцлагын буландаа Мэдрэмж Академийн үүсгэн байгуулагч М.Дэлгэрцэцэгийг онцолж ярилцсан юм. Түүнтэй ярилцаж суухад хувь хүн талаасаа асар их тэвчээртэй, өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэдэг чадварлаг эмэгтэй гэдэг нь мэдрэгдсэн юм. Тэрээр Мэдрэмж Академийг үүсгэн байгуулж нэлээдгүй хүмүүсийг оёж эсгэх, зурж зохиох фэшн хоббигоороо амьдарч, ажилтай орлоготой загварын бизнесменүүд, дизайнеруудыг нийгэмд бэлтгэн гаргаж байна. Хүн бүр сэтгэлдээ зурсан загвараа бодит болгож мөрөөдлөө биелүүлэх боломжийг Мэдрэмж Академийн хамт олон олгодог билээ.
М.Дэлгэрцэцэгтэй хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна.
Сайн байна уу та манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач ?
-Sain medee.mn сайтын уншигч та бүхэнд давтагдашгүй энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Дэлгэрцэцэг гэдэг Мэдрэмж Академийн үүсгэн байгуулагч. Мөн мэдээлэл технологи менежментийн багшийн үндсэн мэргэжилтэй, боловсрол судлаач, бизнесийн удирдлага болон төслийн менежментээр сурч мэргэшсэн бизнес эрхэлдэг эмэгтэй байна.
Эмэгтэй хүн маш олон зүйлийг туулж сурч боловсорч тэвчээрийнхээ ард гарахад амжилтад хүрсэн байдаг. Та багадаа ямар хүүхэд байв хүүхэд насны дурсамж хамгийн сайхан байдаг шүү дээ.
- Мэндбаяр хэмээх айлын том охин доороо 5 дүүтэй. Хүүхэд насны минь амьдрал Улаанбаатар хотын ханын материалд өнгөрсөн. Нийслэлийн тэргүүний 9-р сургуулийг төгссөн. Ер нь багаасаа сэргэлэн юм шиг хэрнээ даруухан дотогшоо төрлийн хүүхэд байсан. 3-р ангийн сурагч байх үеэсээ л хамаатны дүү нарт бас ангийнхандаа тооны хичээл заадаг байсан. Ангийн найз маань намайг тооны лавлах гэж хочилдог байлаа. /Инээв/
Би багаасаа л тооны хичээлдээ маш их дуртай хүүхэд байсан. Тиймээс улсын хэмжээнд зохиогддог олимпиадуудад орж дээгүүр байр эзэлдэг байлаа. Өөрийнхөө энэ чадвараараа багаасаа мөнгө олж хамаатан садан, ангийн хүүхдүүддээ цагийн 500 төгрөгөөр давтлага өгдөг байсан. Энэ нь тэр үедээ л наддаа под хийсэн ажил байлаа шүү дээ. /Инээв/
Та багадаа ямар мэргэжилтэй болно гэж боддог байсан бэ? Ихэнх охидын мөрөөдөл загвар өмсөгч эсвэл багш болох гэж хэлдэг шүү дээ.
-Манайх гэдэг айл олуулаа амьдралын боломж тааруухан байлаа. Тийм учраас сайн сурах хэрэгтэй, хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй гэж боддог, хичээдэг байсан. Өөртөө чи бол цорын ганц, чиний амьдрал ямар байх нь хамаагүй ганцхан өөрийгөө олж, мөрөөдлөөрөө амьдрах хэрэгтэй гэдгийг үргэлж хэлж, сануулж, зоригжуулдаг байсан. Хүн амьдрах нөхцөл байдал тааруу байлаа гээд мөрөөдлөө хэзээ ч орхих ёсгүй. Учир нь мөрөөдөл хүнд ирээдүй бэлэглэдэг, урагш алхах хүч болдог. Амьдралыг утга учиртай болгодог. Тиймээс энэ бүхнийг бусдад хэлж зааж сургана гэдэг хүсэл зорилгодоо хөтлөгдөн Багшийн их сургуульд буюу одоогоор Монгол Улсын Боловсролын Их Сургуульд мэдээлэл зүйн багш, боловсрол судлаач мэргэжлээр сурч төгссөн.
Олон хүн оюутан болохоороо өөрийгөө том хүн болчихлоо гэж боддог тэгвэл М.Дэлгэрцэцэг гэдэг хүний оюутны амьдрал дурсамж дүүрэн өнгөрсөн байх?
-Оюутан байхад комьпютерийн ангид суралцдаг байсан минь их давуу тал болсон. Боломжтой айлын зарим хүүхдүүд их залхуу байдаг юм шиг надад санагддаг байсан. Тиймээс 10 жилдээ тооны хичээл зааж мөнгө олдог байсан шигээ реферат хамаатны ахынхаа Pentium-3 компьютер дээр хийж флоппи дискэд хуулж аваад 500 төгрөгөөр хэвлүүлээд 1500 төгрөгөөр зарж өөрийнхөө санхүүгийн хэрэгцээгээ хангачихдаг оюутан байхаас л оюутны амьдрал эхэлсэн.
Өөрийн чадвараараа багаасаа л бизнесийн ухаанд суралцаж байж, харин анхны өөрийн гэсэн бизнесээ хэрхэн яаж эхлүүлж байв?
-Багаасаа л хүсэл мөрөөдлөөр дүүрэн дайчин охин байсан болохоор 19 насандаа өөртөө зорилго тавьсан. Өөрийн гэсэн хувийн ажилтай больё, манлайлагч больё, ямар нэгэн бизнес эхлүүлье гэж бодон мөрөөдлөө бодит болгохын тулд цаасан дээр төсөөлөн зурсан. Тухайн үед юу зурж байсан гэхээр дэлхийн бөмбөрцөг зураад дээр нь улсынхаа газрын зургийг зураад хамгийн дээр хэсэгт томоор “D” үсэг зурж байсан. Энэ утга нь дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг компани байгуулаад бүх ашгаа сайн үйлсэд зарцуулсан хүмүүнлэгийн байгууллага бүтээнэ гэсэн утга санааг тухайн үедээ өөртөө илэрхийлж байсан юм.
Тэгээд анхны бизнесээ эхлүүлье гэж шийдээд подвал түрээслээд чаддаг зүйлээрээ комьпютерийн үйлчилгээ явуулж эхэлсэн. Удалгүй өргөжүүлээд ээжээрээ угаалгын машин авахуулаад хувцас угаалга ажиллуулсан. Өдөр нь компьютер үйлчилгээгээ үзүүлээд орой нь хувцас угаалгаа хийгээд ядрах гэдгийг мэдрэхгүй залуу насныхаа бяраар унтах идэхээ мартаад ажилдаг байлаа. Ээж минь үргэлж л надад итгэж, намайг дэмждэг цор ганц нэгэн байсан. Надад бурханаас илгээсэн сахиусан тэнгэр шиг сайхан эмэгтэй юм даа. Аав маань намайг бүүр багаас минь шүлэг яруу найраг цээжлүүлээд хичээл номонд минь их шамдуулж чиглүүлсэн их буянтай сайхан хүн дээ. Тэдэндээ маш их баярладаг.
Та оюутан байхдаа энэ их ажлын хажуугаар хичээлээ хэрхэн яаж зохицуулдаг байв? Таны яриаг сонсоод сууж байхад үнэхээр уйгагүй мундаг эмэгтэй юмаа гэсэн бодол төрж байна.
-Хувиараа бизнес хийдэг болохоор хичээлээ хаяа нэг орхигдуулчихдаг, ер нь жаахан хүнд оюутан талдаа орчихсон байлаа /инээв/. Гэсэн хэдий ч шалгалт бие даалт гээд бүгдийг нь хамгийн сайн өгдөг оюутан байсан шүү. Аав маань хилсээр шоронд явж, ээж маань олон хүүхэд ганцаараа өсгөх гэж завгүй ажилладаг байсан учраас би түүнд дэм болчих юмсан гэж их хичээж хөдөлмөрлөдөг байлаа.
Мөн боломжтой айлуудын гэрийн цэвэрлэгээний ажил хийж ангийнхаа охидуудыг ажилд зуучилж өгөөд өөрөө хувь авчихдаг байсан юм. Ер нь амсхийх завгүй оюутан насаа өнгөрүүлсэндээ.
Үлгэр жишээ оюутан байжээ. Харин одоо таны хувийн амьдрал гэр бүлийн талаар ярилцъя.
-Манайх ам бүл 5. Миний ханийг Ч.Батзаяа гэдэг. Уншигчид маань Эхлэл брэндийн Батзаяа гэдгээр сайн танина байх. Намайг нөхөртэйгээ танилцаж байх үед сошиал дөнгөж дэлгэрч байсан юм. Тухайн үед манай хүн www.amjilt.com гэдэг сайт ажиллуулдаг мундаг залуу байлаа. Түүний хамгийн сайн найз нь миний бас хамгийн сайн найз байсан юм. Бид 2 тэр найзаараа дамжуулж танилцсан. Найз маань нөхрийн маань талаар анх надад ярьсан зүйл нь түүнийг маш мундаг технологи, серверийн мэдлэгтэй чадварлаг залуу гэж биширч ярихыг сонсоод би ч дотроо ийм супер залуу супер эмэгтэйтэй л гэрлэх байхдаа гэж бодож билээ. Тэгээд 5 жилийн дараа өөрөө гэрлэчихсэн байсан. Энэ тухай би саяхан өнгөрсөн дурсамжаа бодож байхдаа гэрлэснээсээ 10 жилийн дараа санаж мэдсэн л дээ /Инээв/
Нөхөр тань миний бодож байгаагаар таны мөрөөдлийг бодит болгоход өөрөөс тань гадна их урам зориг өгсөн хүмүүсийн нэг яах аргагүй мөн байх гэж бодлоо. Одоо ханийнхаа хүсэж мөрөөдөж байгаа зүйлд хэрхэн хандаж, зөвлөгөө мэдээлэл өгдөг вэ?
Бид 2 чинь бараг танилцаад л маргааш нь үерхэнгээ хамт ажиллаад эхэлсэн. Хүсэл тэмүүлэл мөрөөдлөө яриад яаж хэрхэн бодит болгож бүтээх вэ гээд л ярилцдаг байлаа. Бидний хүсэл мөрөөдөл их төстэй байсан. Миний хувьд дэлхий даяар үйл ажиллагаа эрхэлдэг компанийг байгуулна. Нөхөр маань Самсунгаас ч том электрониксийн компанитай болно гэж мөрөөддөг байсан. Тэгээд л бид 2 тус тусдаа эрхэлдэг байсан Хеадко болон Домогбүрд гэх компаниудаа нийлүүлж Эхлэл интернэйшнлийг үүсгэн байгуулсан даа.
Энэ үеэс таны мөрөөдөл биелж эхэлсэн гэж хэлж болох уу?
-Хүн ер нь мэдрэмжээ дагаж амьдрах хэрэгтэй. Би магадгүй хүсэл мөрөөдөлтэй болохоор амжилттай яваа байх. Бид мөрөөдлөө амьдрал дээрээ бодит болгохын төлөө үргэлж зүтгэж хөдөлмөрлөсөөр ирсэн, нөхөр минь бас маш их чанд сахилга баттайгаар шаргуу хөдөлмөрлөдөг хүн. Бизнесийн ертөнцөд олон жил ажиллахдаа алдаж явсан үе байгаа ч тэрхүү алдаанаасаа одоо ч суралцан урагшилсаар л байна. Нөхрийн маань ээж бас сайхан эмэгтэй бий. Хүү бид хоёр нь их ажилладаг учраас биднийг үргэлж дэмжиж ард талд маань байдаг. Хүүхэд өсгөх ар гэрийн ажил амжуулах гээд л үргэлж л хайрлаж тусладаг. Мөн хайртай дүү нар маань байна. Миний ард талд асаалттай танк шиг л дэмжиж туслаж хайрладаг шүү дээ. Үнэнчээр нөхөрлөж сэтгэлд дэмтэй анд найзууд маань бас байна. Би ер нь их азтай хүн шүү. Энэ их сайхан хүмүүсийн хайран дунд оргилуун их хүсэл тэмүүллээр дүүрэн сайхан амьдарч байна даа. Бүгдийнх нь итгэлийг алдахгүй сайн байх юмсан гэж өдөр бүр л хичээсээр явна даа. Инээв.
Бага ангидаа болон оюутан байхдаа ч сурлага сайтай байсан болохоор багш мэргэжлийг дүүргэсэн байх . Гэвч яагаад загварын ертөнцрүү хөл тавих болсон бэ?
Би компьютер сервис, хувцас угаалга, хөдөлмөр зуучлал, төсөл боловсруулалт, бизнес зөвлөгөө, онлайн дэлгүүр, хоол хүргэлт, хэвлэлийн үйлдвэр, лавлах утас, аялал зуучлал, веб серверийн компани гээд төрөл бүрийн л бизнесийн шинж чанартай ажил үйлчилгээ эрхэлж үзэж байлаа. Нөхөр маань Хятадын Гуанжоу хотод суралцаж байхдаа онлайнаар цагаан цамц талх шиг зарагддаг юм байна. Үүнийг хийж Алибаба дээр борлуулъя хурдан хийгээд явуулaaрай гэсэн. Тухайн үед өөрөө загварын мэдлэггүй хэрнээ хамаатныхаа загвар өмсдөг дүүгээ дуудаад л хамт цамц зохиоё гээд л эхэлсэн дээ. Хоёр янзаар өмсөж болдог цамц хийсэн тэр цамцаа “Хувирдаг цамц” гээд нэрлэчихсэн. Тэгсэн ч Хятадын зах зээлд орохын тулд маш их санхүүгийн болон мэдлэг туршлага шаардаж байсан. Хятадад “Гуанжоу Эхлэл трейд” нэртэй компани байгуулсан, тэгээд мэргэжлийн дизайнеруудын баг бүрдүүлээд үндэсний хэв маяг шингээсэн куртик зохиогоод борлуулж эхэлсэн. Түүнээс хойш захиалгууд ар араасаа орж ирсээр 7 хоногт 500 куртикны захиалга авч блүүмберг телевизээр гарч байлаа. Манай куртик тасралтай 5 жил модноос гаралгүй худалдаанд гарсан даа. Гадаадад ч нэлээдгүй зарж чадсан.
Ер нь энэ бизнесийг хийж байхад тань хэцүү зүйл тохиолдож байсан уу?
- Бараа бүтээгдэхүүн маань Алибаба дээр эрэлттэй байсан ч Монголоос каргодох ямар ч төвөгтэй байсан. Яагаад гэвэл гадагшаа каргодохоор бүтээгдэхүүнээсээ ч илүү өндөр өртөгтэй. Жаахан хэцүү асуудал ихтэй байсан. 2017 онд Анхны гэрэлт гудамж байгуулагдахад 100 загвараа зохиогоод анхны загварын шоугаа Эхлэл брэнд дээрээ хийж байлаа. Загварын салбараа би илүү хариуцдаг байсан. Тэгээд эмэгтэй хүн бизнесмен болохын тулд олон саад тулгардаг л байх л даа. Түүний нэг нь хүүхэд төрүүлэх, ар гэрээ зохицуулах гээд л ажилд хувиарлагддаг шүү дээ. 2017 онд бага хүүгээ төрүүлэх гээд загварын салбараа түр зогсоосон. Бид 2 ярилцаж электрон технологийн салбараа хөгжүүлье гэж шийдээд эхлэл электрониксийг хөгжүүлж эхэлсэн. Манaй хүн дуу сонсох маш дуртай. Дуу сонсоод ажиллахаараа түүнээсээ их эрч хүч авдаг юм. Бид хоёр Монголоос сайн дугаралттай чихэвч хайгаад ер нь олдодгүй байсан. Түүнээс улбаалаад чихэвч хийе гэсэн санаа гарсан даа. Тэгээд нөхөр маань чихэвчний технологи судлахаар БНХАУ-руу явж ажиллах байдлаар суралцсан даа. Эхлээд чихэвчээ 75:25 харьцаатайгаар угсрах ажлаас эхлүүлсэн дээ. Одоо бол Монголдоо үйлдвэрийн байртай болж байна.
Эхлэл Брэндийн үйл ажиллагаа ийн эхэлж байжээ. Харин мэдрэмж академи анх хэрхэн яаж байгуулагдаж байв ?
Би шинэ санаа, шинэ загвар зохиох илүү сонирхолтой болохоор “Мэдрэмж” академийг 2019 оны 2 сард үүсгэн байгуулсан. 2018 онд хувцасны загвар гаргаж үйлдвэрлэх, худалдаалах ажлаа дахин эхлүүлэе гэж байхад ажиллаад явах боловсон хүчин маш дутмаг байсан. Тэгээд Монголд энэ чиглэлийн ажилчид хэрэгтэйг олж харсан. Тэгээд л “Мэдрэмж Академиа” зориг гаргаж эхлүүлсэн дээ. Эхний ээлжинд фэшн дизайнер, хувцасны зураачид бэлтгэн гаргах нь нэн тэргүүний зорилт болсон. Анхны дизайнеруудаа элсэлтээр аваад дадлагыг нь Хятад улсын Гуанжоу хотруу өөрийн биеэр авч яван бизнес дадлага хийлгэж, олон улсын үзэсгэлэнд оролцуулж, үйлдвэрлэл, инновац, технологи судлуулж байлаа. Мөн анхны коллекцыг нь бүтээлгээд загварын шоу хийж суралцагчдаа төгсгөдөг. Би цоо шинэ загварын санаа бүтээх их сонирхолтой болохоор Урлах Эрдмийн Дээд Сургуульд дизайнараар ичнээ ангид суралцаж байлаа. Мөн Английн Лондон дахь Фэшн бизнес институтын онлайн курсыг Фэшн стилист имэйж бүрдүүлэлтээр сүүлийн 2 жилийн хугацаанд суралцаж саяхан шалгалтдаа тэнцэж төгсөөд сертификаа авсан.
Мэдрэмж академи нь бусад сургалтын газруудаас ялгарах онцлог, давуу тал, цаашдын зорилго юу вэ?
Мэдрэмжийн зорилго бол миний өөрийн зорилго гэсэн үг юм. Ажил маань миний хобби. Английн Лондонгийн загвар, бизнесийн сургуультай хамтран ажиллаж эхэлж байна. Мөн Америк, Хятад, Италийн их сургуулиудтай хамтран ажиллах гэрээ хийгээд явж байгаа. Ковидоос болоод багш, сурагч солилцоо хөтөлбөр маань хойшлоод байгаа ч ажил гэрээ хэлэлцээрийн түвшин дээр явна. Цаашлаад бизнесийн бүтээлч оффис байгуулах зорилго мөн бий. Олон хүмүүсийн мөрөөдлийг бодит болгох гаргасан загварыг нь түгээх таниулах худалдаалах ажлыг нэвтрүүлж эхлээд байна. Түүнчлэн “Мэдрэмж” коллеж гэж байгуулж байгаа ба мэргэшүүлэхээс гадна бакалаврын зэрэг олгох, цаашлаад Англи, Америк, Хятад, Италийн хамтарсан сургуулиуддаа оюутан солилцоо, багш ажилтанаа солилцох хөтөлбөрөө хэрэгжүүлээд явна.
Мэдрэмж академийн давуу тал бол дадлагаа 80%, практикаа 20% байхаар прагматик хөтөлбөр боловсруулж нэвтрүүлсэн явдал юм. Ингэснээр суралцагчид маань илүү бүтээлч байдаг.
Таны тухай мэдээлэл цуглуулж байхад сайн үйлсийн аян, ажил хийдэг гэж сонссон юм байна. Энэ талаар тодруулбал?
“Мэдрэмж ” академиа их сургууль болгох мөн ерөнхий боловсролын сургууль болгож өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна. Нөхөр маань энэ жил бага хүүгээрээ нэрлэсэн “Цэлмэг” технологийн ЕБСургууль байгуулаад одоо 9 сард анхны сурагчидаа аваад хичээллэж эхлэх гэж байна.
Миний бүтэх, бүтэхгүй олон бодол маань үйлдэл болж мөрөөдөл зорилгоо биелүүлэх гарц гаргалаа болдог юм л даа (инээв).
Би “Мэдрэмж” академиас олсон орлогоосоо сайн үйлс, хүмүүнлэгийн ажилд зарцуулахыг их хүсдэг ч одоогоор бол сүртэй том зүйл бол хийж чадаагүй байгаа ч өөрийнхөө хэмжээнд төлбөрийн боломжгүй ээж, эмэгтэйчүүдийг тэтгэлгээр сургах хөтөлбөр гаргаад хэрэгжүүлж байна. Өөрөө үнэхээр сурах, зурж, эсгэх оёх сонирхолтой тэдгээр хүмүүст хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь бага ч болов тус, дэм болох үүднээс энэхүү хөтөлбөрийг зохион байгуулдаг. Мөн зарим хийсэн хувцас бүтээгдэхүүнээ тусламж хэрэгтэй тийм хүмүүст хандивлах гэх мэт ажлаар сайн үйлсийн ажлаа эхлүүлээд л явж байна даа (инээв).
Таны мөрөөдөл цаашид хэрхэн тэлэх вэ гэдэг их сонирхолтой санагдаж байна л даа. 18 насандаа зурсан таны мөрөөдөл бараг биелсэн байна гэж харж байна?
Мөрөөдөж байсан, хийж бүтээсэн зүйлүүд минь хичээсний үр дүнд ихэнх нь биелээд л явж байна. Олон улсад бизнесээ гаргах мөрөөдөл минь амжилттай явж байна. Мөн ойрын төлөвлөгөөнд байгаа нэг том зорилго маань бол “Хүмүүнлэгийн номын сан” байгуулах. Маш том талбайтай, нэг тийм гоё газарт залуу үеийнхэн маань чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг гаргаж өгөх юм. Залуучууд цаг заваа зөв боловсон өнгөрүүлж боловсролоо үргэлж өнгөлдөг болоосой гэж маш их хүсэж байна даа.
Энэхүү ярилцлагаараа дамжуулан залуустаа хандаж үг хэлэхгүй юу?
Залуус болон танай сайтын уншигчдад хандаад хэлэхэд мэдрэмжээ дага амжилт заавал ирдэг. Ямар ч үед тууштай байгаараа газар тэнгэр нийлсэн ч шургах нүх заавал олддог. Чи л өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээнэ. Хичээл зүтгэлээ хэзээ ч бүү зогсоо, зүтгэлийн чинь үр шим чамд эргээд аль нэг цагт заавал ирдэг” гэж хэлмээр байна. Чи сэтгэлдээ хүсээд төсөөлөөд эхэлсэн л бол бүтнэ.
Ярилцсанд баярлалаа.