Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг “Хороо бол тухайн хорооны нутаг дэвсгэрт байгаа иргэддээ төрийн үйлчилгээг үзүүлдэг анхан шатны нэгж нь байдаг. Аравдугаар хороо өнөөдрийг хүртэл өөрсдийн байргүй байж байгаад 5 давхар, 1200-аад мкв талбайтай цогцолбор байртай болохоор наймдугаар сарын 14-нд шавыг нь тавьж байна. Иймд хороонд ажиллаж байгаа нийт албан хаагчид маань иргэддээ түргэн шуурхай хүрч ажиллаж төрийн үйлчилгээг хүргээрэй. Мөн гүйцэтгэгч компанийнхан барилгын ажлаа гэрээнд заасан хугацаанд,чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөөрэй. Та бүхэндээ баярлалаа” гэсэн юм.
Тус хорооны хувьд 8000 гаруй иргэд, оршин суугчидтай бөгөөд өөрийн гэсэн Хорооны цогцолбор барилгагүй, Цагдаагийн хэсэг, Өрхийн эрүүл мэндийн төв зэрэг төрийн үйлчилгээг үзүүлэх анхан шатны нэгжүүд тусдаа байранд үйл ажиллагаа явуулж байсан юм. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/608 тоот захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/189 тоот захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны 141 дүгээр цэцэрлэгийн урд баригдах Хорооны цогцолбор барилгын ажлын нөлөөлөлд өртсөн зөвшөөрөлгүй 57 тоосгон гарааш болон нэг хүнсний мухлагийг чөлөөлөх ажлыг нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, 10 дугаар хорооны Ажлын алба хамтран гүйцэтгэсэн. Ингэснээр тус хорооны барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Энх бизнес өгөөмж” ХХК гүйцэтгэж байгаа юм.