Энэ хичээлийн жилээс эхлэн нийслэлийн 25 цэцэрлэгийн 60 бүлэгт туршилтаар ээлжийн багш ажиллуулахаар болсон. Ээлжийн багштай болсноор цэцэрлэг эхлэх болох тарах цагийн хуваарьт өөрчлөлт орох юм. Сонгогдсон цэцэрлэгийн хүүхдүүдийг аав ээж нь өглөө 07:00-09:30 цагийн хооронд хүргэж өгөөд орой хүргэж өгсөн цагаас хамааран 17:30-20:00 цагийн хооронд авна. Ингэснээр:
- Замын түгжрэл буурна
- Цэцэрлэгийн үндсэн багшийн ачааллыг багасгаж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ
- Аав ээжүүд бүтэн цагаар ажиллах боломж бүрдэх ач холбогдолтой гэж үзжээ.
Ээлжийн багш нь Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн төгсөх ангийн оюутнууд байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх, авах гэсэн эцэг эхчүүдийн хөдөлгөөний ачаалал өглөө, оройн түгжрэлийн 25-30 хувийг тус бүр эзэлж байна. Тиймээс бид нийслэлийн хамгийн их ачаалалтай байдаг 25 цэг дэх цэцэрлэгийн 60 бүлгийг сонгож, эцэг эхчүүдэд боломж олгож байна.
Энэхүү шийдвэр нь зөвхөн эцэг, эхчүүдээс гадна цэцэрлэгийн багш нарын ачааллыг бууруулахад чиглэгдэж байгаа юм. Сургуулийн өмнөх боловсролын багш нар өдөрт хамгийн багадаа 10-11 цаг ажилладаг. Хүүхэд нэг бүртэй ажиллах, өөрийгөө хөгжүүлэх боломж нь хомс байдаг. Тиймээс энэ ажил үр дүнд хүрэх юм бол нийслэл, улсын хэмжээнд энэ туршлагыг нэвтрүүлж, шаардлагатай зардлыг улсын төсөвт суулгах боломжой" гэлээ.