Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Төрийн банк болон Хөгжлийн банкны чиг үүргийг нэмэлт байдлаар эрчимжүүлэх танилцуулга хийсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв.
Тухайлбал, Төрийн банк нь өнөөдрийг хүртэл иргэдэд цогц үйлчилгээ үзүүлж ирсэн. Үүнийг нь улам тодотгож, нийгмийн дундаж давхаргад түлхүү үйлчилдэг, бага орлоготой хэсэгт шаардлагатай санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байхаар ажиллуулахаар болж байна.
Сангийн сайд Б.Жавхлан, "Манай улсад дундаж давхаргыг өрхийн орлого талаас нь харвал нэг саяас, гурван сая хүртэлх төгрөгийн орлоготой хэсэг хамаардаг. Олон улсын тодорхойлолтоор, тухайн өрх орлогоороо ипотек, лизингээ төлөөд, хүсний хангамжаа бүрэн хангахын зэрэгцээ хадгаламж үүсгэдэг байх гэж үздэг. Төрийн банк одооноос дундаж давхаргаас гадна бага орлоготой иргэдэд үйлчилж, дундаж давхаргын иргэдийг шинээр бойжуулах эрэлт, хэрэгцээтэй үйлчилгээ бий болгож, алсын хараатай ажиллана" хэмээв.
Мөн Хөгжлийн банк нь төслийн санхүүжилт хэлбэрээр зээл олгож байна. Манай улс худалдааны эдийн засгийн бүтэцтэй ч худалдааны санхүүжилт, экзим банкны санхүүжилт дутагдаж байгаа юм. Тиймээс Хөгжлийн банкыг одоо үйлчилж байгаа хуулийнх нь хүрээнд, экспорт, импортын чиг баримжаатайгаар түлхүү хөгжүүлэх концепцийг дүрэмд нь тусгасан хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв.