Ойрын өдрүүдэд хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас орон нутгийн замд үер бууж иргэд автомашинтайгаа усанд урссан дуудлага Онцгой байдлын албанд ирсээр байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хөхөө багийн “Алагцарын гол” гэдэг газар таван том хүн, гурван хүүхэд зорчиж явсан суудлын автомашин үерт урсжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Хатгал тосгоны цагдаагийн тасгийн алба хаагчид 30 км замыг туулан 08:19 цагт очиж Ханх сумаас Мөрөн сумын чиглэлд зорчиж явсан найман зорчигчтой суудлын автомашиныг 17 минут ажиллан эсэн мэнд гаргасан байна. Мөн Завхан аймгийн Алдархаан сумын “Өндөр толгой” гэдэг газар ачааны автомашин Богдын голд унасан тухай дуудлага энэ сарын 18-ны өдөр иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиж “Портер” загварын автомашин голын усанд унасан байсныг гаргасан байна.