Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй хүлээн авч уулзжээ. Уулзалтаар сайд нар хоёр улсын хоорондын ачаа тээврийн нөхцөл байдал, ялангуяа БНХАУ-ын нутгаар дамжин хийгдэх Монгол Улсыг чиглэсэн импортын ачаа барааны тээвэрлэлтэд үүсээд буй удаашрал, саатлын асуудал, түүнтэй холбоотой хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх боломж, гарц шийдлүүдийн талаар харилцан санал солилцжээ.
Л.Халтар сайд БНХАУ-ын Тяньжин боомтод хуримтлагдаад буй Монгол Улсын чингэлгийн татан авалтыг нэмэгдүүлэх, Замын-Үүд-Эрээн өртөөний галт тэрэг солилцооны тоог нэмэгдүүлэх, Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор нэвтэрч буй авто тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ зэрэг авто замын боомтуудын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог хэвийн горимд шилжүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал төмөр замын боомт байгуулах асуудлаар Элчин сайдтай ярилцаж, шийдвэрлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Элчин сайд Цай Вэньруй "Ачаа бараа саатаж байгаа асуудлуудаар БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдож зохих арга хэмжээг авч ажиллаж байгаа" гэжээ.