Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын зориулалтаар 509.1 га, мөн дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэний ерөнхий газрын контор, аж ахуйн зориулалтаар 2.01 га газрыг тус тус улсын тусгай хэрэгцээнд авлаа.
Нисэх буудал, арилжааны нислэгийн үйл ажиллагаа “Чингис хаан” олон улсын нисэх буудалд шилжсэн хэдий ч цаг үеийн шаардлагаар дамжин өнгөрөх нислэг, олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалтын нисэх, иргэний болон улсын агаарын хөлгөөр гүйцэтгэх онцгой, тусгай үүргийн нислэг, иргэний нисэхийн сургалт үйлдвэрлэл, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, хурал зөвлөгөөн, үзэсгэлэн зохион байгуулах зорилгоор ашиглах боломжтой. Мөн иргэний болон улсын агаарын хөлгийн онцгой байдал, гамшгаас хамгаалах, онцгой, тусгай үүргийн нислэг, энхийг сахиулах ажиллагааны нисэх онгоц хүлээн авах боломжтой хэвээр байна.