Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол улсын засгийн газар, Бүгд найрамдах Словени улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт тус улсад суугаа Элчин сайд Г.Баттунгалаг, Словени улсын Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Станислав Рашчан нар гарын үсэг зуржээ. Хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд авто тээврийн салбарын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй бөгөөд дээрх хэлэлцээрийг байгуулснаар улс хоорондын тээвэрлэлтийн төрөл өргөжиж, Монгол, Словени хооронд шууд тээвэрлэлт явагдах, ингэснээр худалдааны эргэлт эрчимтэй өсөх боломж бүрдэх юм. Монгол, Словений худалдааны эргэлт 2020 онд 14.6 сая ам.долларт хүрсэн байна.