Афганистан улсад үүсээд буй нөхцөл байдлын улмаас “Хазара” дүрвэгчдийг Монголд хүлээн авахыг уриалж, зарим төрийн бус байгууллагууд хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. “Монгол хүн Монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр хэлэхдээ “Манай байгууллагаас төрийн өндөрлөгүүдэд хандан хүсэлт өгч байгаа. Хүсэлтийн утга нь хазара ахан дүүсээ авчрах тухай шийдвэр гаргуулах тухай юм. Мөн хазара хүмүүсийг Монгол улсад ирэх, амьдрах, ажиллах, суралцах боломжийг бүрдүүлж өгөхийг хүсэж байна. Түүнчлэн хазара Монголчуудын эд хөрөнгийг залилсан ноцтой хэргүүдийг анхааралдаа аваасай гэж хүсэж байгаа юм" гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр "Афганистан улсын төрийн эрхийг булаансан Талибан бүлэглэлийн тэргүүлэгчид нь өмнөх алдаагаа давтахгүй гэж мэдэгдэж байгаа ч Кабул хотоос бусад хэсэгт террорист үйл ажиллагаагаа явуулсаар байна. 15-аас дээш настай хазара охид бүсгүйчүүдийн бүртгэлийг хийж, дайчдаа олон эхнэртэй болохыг зөвшөөрсөн байна" гэсэн юм.