Баян-Өлгий аймагт цар тахлын нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хичээл сургуулийн үйл ажиллагааг танхимаар эхлүүлэх бэлтгэл ажлыг хэрхэн хангаж буй талаар болон өвөлжилтийн бэлтгэлийн явцтай Шадар сайд танилцсан байна.
Баян-Өлгий аймгийн хувьд халдварын тохиолдол 5934 бүртгэгдсэнээс өдгөө 344 хүн эмнэлэгт, 1778 хүн гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байгаагийн 56 хүний биеийн байдал хүнд, зургаан хүн нэн хүнд байгаа аж. Хүн амын дунд халдвар тархах эрсдэл маш өндөр байгаа тул ХӨСҮТ-өөс томилогдсон Үндэсний зөвлөх багийн эмч мэргэжилтнүүд тус аймагт ажиллаж, эмчилгээний мэргэжил арга зүйн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
УОК-ын даргын шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар өдөрт 20 баллон цэнэглэх хүчин чадалтай хүчилтөрөгчийн үйлдвэрийг наймдугаар сарын 10-нд ашиглалтад оруулснаар өвчтөнүүд хүчилтөрөгчийн дутагдалд орох асуудал шийдэгдсэнийг Шадар сайдад танилцуулжээ. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт цар тахлын үеийн өвөрмөц эмчилгээний эмийн хангамж 10 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд цаашдаа суурин рентген аппарат болон алсын зайн дуудлагын тусгай зориулалтын машин нэн шаардлагатай байгааг Шадар сайд шийдвэрлэв.
Баян-Өлгий аймагт нийт хүн амын вакцинжуулалтын явц улсын дунджаас доогуур байгаа нь вакцины сонголт болон хүн амын шилжилт хөдөлгөөний бүртгэлийн зөрүүтэй холбоотойг Аймгийн Засаг дарга Д.Бауыржан тайлбарласан. Монгол Улсын Засгийн газар иргэдээ сонголттойгоор вакцинжуулах боломжийг бүрдүүлж ажиллаж байна. Иргэд олон нийтийг бодит мэдээллээр хангаж, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж, нөөцийг бүрдүүлж ажиллахыг Шадар сайд үүрэг болгосон байна.
Тус аймагт өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд малчдын түвшинд 64300 тонн өвс, 7750 тонн тэжээл, аймаг, сумын аюулгүйн нөөцөд 1460 тонн өвс, 495 тонн тэжээл бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Энэ жилээс эхлээд өвөлжилтийн бэлтгэлийг аймаг орон нутгууд өөрсдөө хангаж, хадлан, тэжээл бэлтгэх ажлыг дор бүртээ зохион байгуулах чиглэл Засгийн газраас өгсөн учраас цар тахлын нөхцөл байдлын үед салбар хоорондын уялдаа холбоог сайтар хангаж, цаг алдалгүй зохион байгуулалт хийхийг Шадар сайд холбогдох албаныханд даалгалаа.
2021-2022 оны хичээлийн жилд тус аймгийн хэмжээнд нийт 44 сургуульд 25 мянга гаруй хүүхэд суралцахаас нэгдүгээр ангид 2500 гаруй хүүхэд элсэн суралцах бол 52 цэцэрлэгт 8000 гаруй хүүхэд хамрагдах аж.
Сургалтын үйл ажиллагааг цахим болон танхим хосолсон хэлбэрээр явуулах учраас хүүхэд багачуудаа эрсдэлд оруулахгүй байх үүднээс сургууль, цэцэрлэгийн бэлтгэлийг сайтар хангах, эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа, өвдсөн хүүхдүүдийг сэтгэл зүйн хямралд оруулахгүй байх талаас онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.