"Токио 2020" паралимп өнөөдөр нээлтээ хийнэ. Есдүгээр сарын 5 хүртэл үргэлжлэх энэхүү наадамд 60 гаруй улсын 4400 орчим тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Монгол Улсын баг тамирчид зуны паралимпийн 16 дахь удаагийн их наадамд пара жүдо, таеквондо, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт гэсэн спортын зургаан төрөлд дараахь 11 тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөх юм.
"Токио-2020" зуны паралимпын XVI наадмын Монголын баг тамирчдын тэмцээний салхийг хагалж байт харвааны тамирчин Н.Мөнхбаатар энэ сарын 27-ны 09.00-12.00 цагийн хооронд эрэгтэйчүүдийн ST төрлөөр "Yumenoshima Park Archery Field" талбайд урьдчилсан чансаа тогтоох тэмцээнд онч мэргээ шалгах юм.
Мөн жүдо бөхийн B3 ангиллын 60 кг-ын жинд С.Ядамдорж, B3 ангиллын 66 кг-ын жинд А.Мөнхбат нар 10:30-13:30, 16:00-18:40 цагт "Nippon Budokan" ордны татамид хүч, ур чадвараа сорих юм.