Нийслэлийн хэмжээнд коронавируст халдвараар нийт 123,649 хүн өвдсөнөөс 29,245 нь хүүхэд байна. КОВИД-19 халдварын дараах сэргээн засах эмчилгээ хийж байгаа туршлага, санал хүсэлт солилцох зорилгоор наймдугаар сарын 6-наас нийслэлийн сувилал, сэргээн засах төвийн дарга, эмч нартай цахим уулзалт зохион байгуулсан байна. Тус уулзалтаар КОВИД-19 халдварын дараах сэргээн засах эмчилгээний түр заавар боловсруулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн. Энэ дагуу НЭМГ-ын даргын А/85 дугаар тушаалаар баталсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн КОВИД-19 халдварын дараах сэргээн засах эмчилгээний түр зааврыг боловсруулан ЭМЯ-д хүргүүлээд байна. Мөн нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Хан-Туул” төв “Ивээлт Монгол хүн” НҮТББ-тай хамтран “Эрүүл Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Сэргэлэн сум дахь Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт хүмүүжиж буй КОВИД-19 халдвараар өвдсөн 43 хүүхдэд дархлаа сэргээх, чийрэгжүүлэх тусламж үйлчилгээг үзүүллээ.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар