Хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан өнөөдөр /2021.8.26/ дүүргийн шуурхай штаб хуралдаж Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн цаг үеийн мэдээллийг сонсож Коронавируст халдвар /ковид 19/-ын нөхцөл байдал, бэлтгэл ажил, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ.
Баянзүрх нэгдсэн эмнэлэг хүчин чадлынхаа 70 хувийг Ковидоор өвдсөн иргэдийг эмчлэхэд зориулж байгаа бөгөөд 130 орноос 50 ор дээрээ хүүхдүүдийг авч эмчилж байгаа талаар танилцуулав.
Дүүргийн хэмжээнд одоогийн байдлаар хүүхдийн орны нөөцийг судалж нэмэлтээр 130 ор гаргасан байгаа бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг хувийн эмнэлгүүдээс ор нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх үүрэг болгов.
Тэрээр “Одоогийн байдлаар Дельта хувилбарын дэгдэлт 60 хувьтай байгаа гэсэн үзүүлэлт байна. Тэгэхээр одоо байгаа хүчин чадлаа дахиад 60 хувиар нэмэгдүүлэх бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байна.” гэдгийг онцолсон юм.
Түүнчлэн танхимын хичээл эхлэх гэж байгаатай холбогдуулан эрсдэл багатай даван туулах нөхцлийг бүрдүүлж ажиллах, хүүхдүүдэд зориулсан ор дэлгэх, цаашид Дельта вирус, томуугийн дэгдэлт зэрэг эрсдэлээ тооцож хүүхдүүд рүүгээ онцгой анхаарч хүн хүчээ дайчлан ажиллахыг холбогдох байгууллагуудад анхааруулсан юм.