БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалт өчигдөр буюу есдүгээр сарын 01-нд эхэллээ. Монгол улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг 2021 оны зургадугаар сарын 29, 30—ны өдөр цахимаар зохион байгуулж, нийт 3469 иргэн бүртгүүлсэн байна.Эдгээр иргэнээс солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалтыг БНСУ-ын аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас ирүүлсэн хуваарийн дагуу 2021 оны есдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 19-ний өдөр ХХҮЕГ-ын байранд өдөрт дөрвөн ээлжээр зохион байгуулж байна. Тусгай шалгалтад 83 иргэн бүртгүүлээд байна. Тусгай шалгалтыг есдүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулж, хариуг аравдугаар сарын 20-нд зарлана. Энгийн болон тусгай шалгалтад тэнцсэн иргэд нь БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчийн 2022, 2023 оны нөөцөд орно.
Эх сурвалж: Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар