Монголын үндэсний их сургууль боловсрол, шинжлэх ухааны сайдыг уучлалт гуйхыг шаардаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж байгаагаа өнөөдөр буюу есдүгээр сарын 02-нд мэдэгдлээ. Харин үүний хариуд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан уучлалт гуйхгүй хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ. Тэрбээр "МҮИС бол МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, гэмт хэргийн шинж чанартай харагдаж байна. Монголын үндэсний их сургууль хэмээх нэр Монгол түмний өмч юм. Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. Намайг уучлалт гуй гэсэн. Надаас хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй" гэжээ.