Сирийн “Банияс” газрын тос боловсруулах үйлдвэрээс алдагдсан тос Газар дундын тэнгист цутган бохирдуулж байгаа талаар тус улсын хэвлэлд бичжээ. Бохирдол явсаар Киприйн эрэгт дөхөж ирсэн нь хиймэл дагуулаас авсан зурагт тодорхой харагдаж байгаа аж. Тодруулбал, мягмар гаригт бохирдол Хойд Кипр дахь Карпас хагас аралд хүрсэн байна. Орон нутгийн удирдлагууд бохирдлын хор уршгийг багасгах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхээ зарласан бөгөөд энэ ажилд Туркээс туслалцаа авах гэнэ. Грекийн талын Өмнөд Кипр ч мөн зүгээр суухгүй, туслахад бэлэн гэдгээ илэрхийллээ.