Өнгөрсөн хоногт хоёр иргэн гол, усанд осолдсон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол суманд байрлах Талын буйр гэдэг амралтын газраас иргэн Х наймдугаар сарын 31-ний өдөр сураггүй болсон дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, сумын Цагдаагийн хэсгийнхэн болон “Талын буйр” ХХК-ийн ажилтнууд эрэн хайх ажиллагаа явуулжээ.
Ингэхэд Халхгол сумын төвөөс баруун хойд зүгт 77 км-т, Ялалт 2 дугаар багийн нутаг “Хулст” нуурын шаварт их биеийн хэсэг нь шигдэж, толгойн хэсэг ил гарсан байдалтай байсныг олж цогцсыг сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.
Мөн Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутагт 44 настай, эрэгтэй “Норд Бенз Хово” загварын автомашин нь Орхон голд хазайгаад орчихсон байсныг холбож гаргах гэж байгаад урссан тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.