Өнөөдөр Шинэ Зеландын Оклэнд хотын нэгэн супермаркетад хутгаар зэвсэглэсэн этгээд террорист халдлага үйлдсэн бөгөөд цагдаа нар аргагүй хамгаалалт хийж гал нээх үед амиа алджээ. Мөн уг үйл явдлын үед дэлгүүрт үйлчлүүлж байсан зургаан хүнийг халдагч хутгалж шархдуулсныг эмнэлэгт хүргэснээс нэгийнх нь биеийн байдал маш хүнд, гурвынх нь хүндэвтэр байгаа бол хоёр нь хөнгөн шархадсан тухай албаныхан мэдээлсэн байна. Халдлага үйлдсэн этгээд нь Шри Ланка улсаас 2011 онд дүрвэж ирсэн цагаач байсан бөгөөд Исламын радикал үзлээсээ шалтгаалан тэрбээр 2016 оноос хойш хууль хүчний байгууллагын хатуу хяналтад байжээ. Гэсэн хэдий ч ийм аюултай этгээдэд халдлага үйлдэх боломж гаргасанд Шинэ Зеландын хэвлэлүүд, олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Харин энэ асуудалд Шинэ Зеландын цагдаагийн дарга Эндрью Костер хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ “Түүнийг долоо хоногийн 24 цагийн турш хянаж байсан ч үргэлж хажууд нь байх хэцүү. Манай ажилтнууд шуурхай арга хэмжээ авсны үр дүнд илүү их хохирол учруулахаас сэргийлж чадлаа” гэжээ.