Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Мухрын ам гэдэг газраас сумын төв рүү зорчиж явсан таван зорчигчтой “УАЗ-469” маркийн тээврийн хэрэгсэл Ховд голын усанд живсэн байна гэсэн дуудлага онцгой байдлын газарт есдүгээр сарын 05-нд ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “УАЗ-469” маркийн суудлын автомашин хавцлын зассан замаар уруудаж байгаад жолооны механизм гацаж, 15 метрийн өндөр далангаас унаж, Ховд голд 10 метр урсаж, хажуугаараа тээглэн зогссон байдалтай байжээ. Аврагчид зорчиж явсан гурван том хүн, гурваас долоо насны хоёр хүүхдийг эсэн мэнд гаргаж, сумын эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Аврах ажиллагаа явуулах үед Ховд голын усны урсгалын хурд 2,5 м/с, гүн нь 1,5 метр, голын өргөн 115 метр, усны ёроолын байдал чулуурхаг, эргийн байдал намагтай байсан гэж Баян-Өлгий аймгийн онцгой байдлын газраас мэдээллээ.