Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийг шаардаж буй иргэдийн түр хорооноос өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тэд хувь тэнцүүлсэн тэтгэвэр 255 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сард 188 мянган төгрөгөөр амьдарч байгаад бухимдаж буйгаа илэрхийлж, тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгохыг шаардсан юм.
Иргэн Г.Хажидмаа "2020 оны дөрөвдүгээр сараас эхлээд иргэн бүрд нэг сая төгрөг олгооч гэсэн шаардлагыг 20 гаруй удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгч байсан боловч шийдээгүй. Үүний үр дүнд харин хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосон. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр болох 250 мянган төгрөгөөр 190 гаруй мянган ахмад амьдарч байна. Тэтгэвэр тэтгэмжийг доод тал нь 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.
Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд 108 мянган төгрөг авч байгаа. Тэднийг яаж амьдарч байгаа гэж бодож байна. Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлагыг дахиад Ерөнхий сайдад өгнө. Шаардлагад гурав хоногийн дотор хариу өгөхгүй бол тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлагатай юу гэдэг санал асуулгыг Сонгинохайрхан дүүргээс эхлүүлнэ" гэлээ.
Мөн иргэдийн төлөөлөл З.Даваа “Бид өнөөдөр аль нэг намын хатгаасаар олон нийтэд мэдээлэл хийсэнгүй. Би Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг. Захын хороололд амьдрал ямар байгааг төр харах хэрэгтэй. Тэнд амьдрал хүнд байна. Энэ ч үүднээс бид цаашид Улаанчулуутын хогийн цэг дээрээс хэвлэлийн бага хурал хийнэ. Цалин тэтгэврийн мөнгийг улс нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн сан нэрийдлээр ихэнхийг нь авч байна. Гэтэл ахмадууд бид сард 255 мянган төгрөгөөр амьдрах аргагүй боллоо. Иймд бидний тэтгэврийг нэмэх цаг нь болсон. Ийм боломж Монгол Улсад бий. Эдийн засаг цар тахлаас болж хямраагүй гэдгийг “Андлалын хөшөө”-нөөс харж бас хардаж байна” гэлээ.