ЭХЭМҮТ-ийн ерөнхий мэс заслын тасгийн мэс засалч А.Цэнджав, тус эмнэлгийн зүрх судас, холбогч эдийн эмгэг судлалын тасгийн эмч Ж.Бат-Ундрах, УГТЭ-ийн зүрх, судасны мэс заслын тасгийн эмч Ж.Лхагвасүрэн нараар ахлуулсан мэс заслын багийнхан элэгний хорт хавдартай хоёр сартай хүүхдэд хавдрыг артерийн судсаар бөглөх эмчилгээг анх удаа хийлээ.
Элэгний хорт хавдартай төрсөн нярай ЭХЭМҮТ-ийн хяналтад байсан бөгөөд хүүхэд өсөж торинохын хэрээр хавдар томорч байсан тул хавдрын өсөлтийг зогсоох энэхүү эмчилгээг хийжээ. Хагалгааны дараа хүүхдийн бие тогтворжиж, биеийн байдал нь сайн байгаа бөгөөд гэртээ гарсан байна. Энэ мэс заслыг УГТЭ-т насанд хүрэгчдэд хийдэг бөгөөд хүүхдэд анх удаа хийсэн нь энэ юм.