Дэлхийн улс орнууд Эрэг орчмын цэвэрлэгээний өдрийг жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ өдрийн гол зорилго нь дэлхийн эрэг орчмыг цэвэрлэхийг хүмүүст уриалах явдал юм.
Үүний дагуу БНСУ 2030 он гэхэд хуванцар хог хаягдлаа 60 хувиар, 2050 он гэхэд 100 хувиар бууруулна гэж тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ирэх бямба гарагт тэмдэглэх Эрэг орчмын цэвэрлэгээний олон улсын өдрийг тохиолдуулан мэдэгджээ.
“Хуванцар нь байгальд 450 орчим жил болж байж задардаг бол бичил хуванцрууд нь далайн амьтдад төдийгүй хүний эрүүл мэндэд аюул учруулдаг. Далай тэнгисийг бохирдуулж буй хуванцар хаягдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд Өмнөд Солонгос олон улсын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болно” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.
“БНСУ 2030 он гэхэд ийм хог хаягдлын хэмжээг 60 хувиар бууруулах бол, зууны дунд гэхэд тэг болгоно" гэж Мүн Жэ Ин нэмж хэлжээ.
Өмнөд Солонгос энэ кампанит ажилд 2001 оноос хойш оролцож байгаа ажээ.