Улаанбаатарт сайжруулсан түлш хэрэглэдэг 200 мянга орчим айл өрх байна. Эдгээр айл өрхийг эрсдэлээс сэргийлэх зорилгоор өнгөрсөн онд угаарын хийн мэдрэгч тараасан юм. Харин энэ жилээс угаар мэдрэгчийн технологийг сайжруулж дохиолол дамжуулагчтай болгон программчилжээ.Нийт 193 мянган айлаас судалгаа авч өндөр эрсдэлтэй 63,250 өрхөд дохиолол дамжуулагчтай угаар мэдрэгчийг суурилуулж хэрэглэгчид үйлчлэх төвөөс 24 цагаар хянахаар төлөвлөсөн байна. Энэ талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал хэлэхдээ “Манай 800 гаруй алба хаагч жилийн хугацаанд сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг бүх айлаар явж судалгаа хийсэн. Судалгаагаар давтан угаарын хийн эрсдэлд өртсөн, эрстэх магадлал өндөртэй 63 мянган айлыг тодорхойллоо. Энэ айлуудыг дүүрэг, хороо, гудамж тоотоор нь ангилж угаарын хийн мэдрэгчид нь нэмэлтээр мэдээлэл дамжуулагч суурилуулж байна. Энэхүү мэдээлэл дамжуулагч 24 цагийн турш угаарын хийг хянаж, эрсдэлтэй нөхцөл үүссэн тохиолдолд “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-д дохиолол дамжуулна. Угаарын хий аюултай хэмжээнд тархсан гэдэг дохио ирвэл эхний ээлжид утасны дугаараар холбогдож агаар сэлгэлт хийхийг зөвлөнө. Утсаа авахгүй бол хариуцсан хяналтын ажилтан гэрийн хаягаар очих, эмнэлэг, цагдаа, онцгой байдлын албанд мэдээлэх арга хэмжээ авна. Айл өрхүүд яндангаа хөөлөөгүй, зуух пийшингийн битүүмжлэл алдагдсан, угаарын хийн мэдрэгчээ унтраасан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй олон цагаар орхин явсан зэрэг шалтгаанаар угаарт өртдөг" гэв.