Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өгч байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга асан А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. Тэрээр "Саяхан ДЭМБ-аас 40 гаруй улсыг хамарсан хамтарсан чуулга уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтаар цар тахлын халдвар судлалын нөхцөл байдал ямар байх талаар хэлэлцэхэд вирус нутагшмал болж үлдэх эрсдэл өндөр байгааг хэлж байсан. Тодруулбал, Ковид19 улирлын томуу болж үлдэх эрсдэл бий. Дэлхий нийтээрээ уг вирус устахгүй гэх хандлагатай байгаа учир мэдээлэх нь зөв. Тиймээс ард иргэдийг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Үүнээс гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авах хэрэгтэй" гэлээ.
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр "Дэлхийн улс орнуудад дельта хувилбарын тархалт маш өндөр байна. АНУ, Их Британи, Монгол зэрэг улсууд дельтагийн давалгаанд өртсөн улс орноор нэрлэгдэж байна. Мю гэх шинэ хувилбар бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн 45 улсад бүртгэгдээд байна. Дельта болон Мю хувилбар холилдсон тохиолдолд дэлхий даяар маш өндөр давалгаа үүсэх эрсдэл үүссэн. Дельта хувилбар халдварлах чадвар маш өндөр тул амны хаалтаа хаана ч зүүж явахыг ДЭМБ-аас уриалж байна" гэв.