Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Б.Түвшин Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллах шийдвэр гаргаж орон нутгийг зорьжээ. Тэрээр аймгийн нэгдсэн эмнэлэгт хавдрын мэс засал, эмчилгээг хийж эхэлсэн бөгөөд Хөвсгөл аймагт ХСҮТ-ийн эмч Б.Одбаярыг авчран хөхний хорт хавдрын анхны мэс заслыг хийсэн байна. Тэрбээр сошиал нүүр хуудсандаа "Бид аймгийн эмч нараа мэс заслын нарийн мэргэжлүүдээр төрөлжүүлэн дотоод гадаадад сургаж, хавдрын асуудлыг орон нутагтаа бүрэн шийддэг болгох төлөвлөгөөтэй байгаа юм. Хэдий би мэс заслын эмч ч гэлээ Хөвсгөл аймагт ирсэн цагаасаа хойш ходоодны дуран дээр их ажиллаж байна. Ходоодоо дурандуулсан хүн бүр асуудалтай, шарх ихтэй байна. Хүмүүс ихээр зовуур өгч байж л эмнэлэгт ирдэг юм байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт орох дадлыг хэвшүүлэх чухал байна" гэж бичжээ.