Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтаран “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт, судалгаа, хамтарсан дадлага”-ын нээлт өнөөдөр буюу есдүгээр сарын 20-нд боллоо. Сургалтын удирдагчаар ОБЕГ-ын захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар ажиллах юм. Сургалт энэ сарын 20-27-ны өдрүүдэд Хөвсгөл нуурт болно. Сургалтад ОБЕГ, ОХУ-ын онцгой байдлын яам, байгалийн эрэн хайх, аврах отряд, Үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн онцгой байдлын газраас нийт 38 алба хаагч оролцох юм. Алба хаагчид тусгай зориулалтын багаж ашиглан Хөвсгөл нуурт живсэн автомашин техникийн байршлыг тогтоох, усны тусгай зориулалтын нисдэг камер, төхөөрөмжийг ашиглан живсэн автомашин, техникийн байрлалын зураглал гаргах юм.