Монгол улсын засгийн газраас дөрөвдүгээр сарын 16-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн гаалийн албан татварыг хөнгөлөх тухай нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг УИХ дөрөвдүгээр сарын 23-ны хуралдаанаар хэлэлцэн баталсан юм. Энэхүү хууль батлагдсанаар импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг нэмэгдсэн өртгийн албан татвараас 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл чөлөөлөх, мөн импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодист ногдуулах гаалийн албан татварыг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл 100 хувь хөнгөлнө. Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн үед татвараас чөлөөлөх, татварын хөнгөлөлт үзүүлэх барааны жагсаалтад хүлэмжийн аж ахуйг нэмж тусгасан болно. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл,гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжинэ.