Сайн байна уу? та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач
- Сайн байна уу? намайг Одгэрэлийн Эрхэмбаяр гэдэг. Би Говь-Алтай аймагт төрж, улаанбаатар хотод өссөн. Хүмүүс намайг хэн юм бол гээд гайхаж байж магадгүй юм. Би Их засаг дээд сургуульд бизнес удирдлагаар бакалавраар сурч төгсөөд, БНХАУ-д магистр хамгаалсан бизнес удирдлага мэргэжилтэй ч өөрийн сонирхлын дагуу “Авто кузов засвар” буюу авто машины гадна өнгө үзэмж (Autocosmos)-ыг дагнаж хийдэг. Энэ ажлаа хийгээд арав гаруй жил болж байгаа жирийн нэгэн Монгол улсын иргэн юм (инээв).
Энэ ажлыг хийж эхлэхэд юу таныг хөтөлсөн бэ? сурч мэдэх хүсэл эрмэлзлийг юунаас авсан бэ?
Бага нас маань авто засварын хашаанд өнгөрсөн гэж хэлэхэд хилсдэхгүй. Аавыгаа машин засахыг нь хажуугаас нь их хардаг байсан. Тэгээд өөрийн чадах чинээгээр тусална. Эхлээд л эрэг, шурга, боолт зөөхөөс эхэлж байсан бол сүүлд угсралцдаг болоод хамт автомашин засалцдаг болсон доо. Энэ үеэс л автомашин сонирхох, засварлах, сурч мэдэх хүсэл эрмэлзэл маань бий болсон юм. Бас төдийгөөс өдий хүртэл энэ хүсэл, сонирхол маань алга болоогүйн зэрэгцээ одоо автомашины гадна засварыг хийж эхлээд арван жил, өөрийн авто засварыг нээгээд тав гаруй жил болж байна.
Ажлынхаа гарааг хэзээ, хаанаас эхэлж байсан бэ?
- БНХАУ-д бизнес удирдлагаар магистраар суралцаж байх хугацаандаа автомашины детал хэрэгслүүдийг үйлдвэрлэдэг үйлдвэрт “будагчин”-аар ажилладаг байсан. Тэр үйлдвэрт ажиллаж байх хугацаандаа маш их зүйлийг сурч авсан. Ажиллаж байх хугацаандаа өдөр алгасахгүй хийдэг байсан. Хичээлээ тараад л шууд үйлдвэрлүүгээ явдаг байсан.Автомашины хэрэгсэл, засвар гэдэг бол тоглоом биш маш их цаг, үнэхээр их чадварыг хүнээс шаарддаг хэдий чинээ их цаг хугацааг зарцуулна төдий чинээ үр дүнтэй чанартай зүйл хийж маш их зүйлийг сурч мэдэж авдаг. Хэдий би бизнес удирдлага мэргэжилтэй ч энэ ажилдаа маш их дуртай. Ажлаа чин сэтгэлээсээ хийж байж урам зориг авдаг, нэг хийгээд эхэлчих юм бол цаг хугацааг ч мартчихдаг зүйл бол яах аргагүй одоо хийж байгаа энэ ажил минь юм. Яаг өөрийн авто засварыг 2015 онд нээж ажлуулж эхэлсэн. Анх ганцаараа ажилладаг байсан. Ганцаараа хийж эхлэхэд маш их хүндрэл тулгарч байсан. Туслах ажилтан аваад л ажлуулна тэгхээр тэд, нэг бол чадахгүй чадсан ч амархан шантардаг аль эсвэл цаг тухай бүрдээ ажлаа дуусгадаггүй гэх мэт асуудлууд их гардаг байсан. Гэхдээ л би бууж өгөөгүй ээээ (инээв). Авто машины гадна засвараар дагнаж ажллаад, одоо гурван салбартай болтлоо өргөжсөн байгаа.
Анх авто засвараа нээж ажлуулж эхэлж байхад хүндрэлтэй, шантарсан,болимоор үе гарч байсан уу?
-Мэдээж маш их гарч байсан. Хамгийн хэцүү нь дээр хэлсэнчлэн ажилчдын асуудал байсан. Хүмүүс нэг бол сурахгүй үгүй бол амархан ядардаг, ажлын ачаалал даадаггүй, бас ажлаа цаг тухай бүрдээ хийхгүй мөн заалгаж яаг таг сурчхаад яваад өгөх гэх мэт тоочоод байвал асуудал барагдахгүй их (инээв). Надад хэцүү санагдах бүүр уйлж байсан ч үе байгаа. Гэхдээ нэгэнт хийгээд эхэлсэн өөрийн хүсэл, сонирхлын дагуу хэн ч хий гэж хүчлээгүй, өөрөө хийж байсан болохоор болимоор санагдсан үе бол байгаагүй. Тэр үед шантраад болчихсон бол үүнийг миний сонирхол гэж хэлэхгүй биз. Хүн ер нь өөрийн сонирхлын дагуу л хийж байгаа бол ядрах, шантрах гээч зүйлийг мартаад сатаарчихдаг юм шиг санагддаг.
Энэ ажлыг эхлүүлж байхад гэр бүл нь яаж хүлээж авсан бэ?
- Аав минь бол дэмждэг байсан. Энэ ажлыг ч хийх сонирхолтой, дуртай гэдгийг мэддэг байсан болохоор тэгж их төвөгшөөгөөгүй. Харин ээж минь өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу ажиллахыг зөвлөсөн харин би сургуулиа дөнгөж төгсөж ирээд удалгүй “Номин фэйшн ”-д кассын ажилтнаар ороод зургаан сарын дараа зохион байгуулагч болсон тэгж ажлаад хоёр орчим жил болсон. Түүний дараа “И-март”-аас ажиллах урилга ирээд И-мартд нэг жил гаруй ажилаад гарч өөрийн авто засварын ажлыг нээж эхлүүлсэн.
Ажлынхаа юунаас илүү их урам зориг, эрч хүч авдаг вэ?
- Хийж байгаа жижиг засвар бүрээсээ урам авдаг гэж хэлж болно. Яагаад гэвэл авто машины гадна засвар гэдэг бол маш чухал үнэхээр их засвар авахаар болсон машинтай хүмүүс ирдэг. Тэр болгоныг завсар зай, детал судал ч үлдээхгүй заримдаа бүүр хурууныхаа өндөгний цусыг гартал засварлана, өнгөлнө (инээв). Тэгээд эзэнд нь хүлээлгэж өгөх тэр үеийн мэдрэмж хамгийн сайхан. Нэг засвар дуусгасныхаа дараа дараагийнхаа засварыг хийх эрч хүчээ хийсэн ажлынхаа үр дүнгээс аваад явдаг даа.
Тантай адил сонирхолтой. Энэ ажлыг хийх хүсэл эрмэлзэлтэй ч эргэлзэж, тээнэгэлзэж байгаа хүмүүс байж магадгүй шүү дээ. Тэдэнд хандаж юу гэж хэлмээр байна вэ?
- Автын инженерээр сурч байгаа оюутнууд манай ажил дээр ирж дадлага хийдэг. Тэгэхдээ зарим нь их шантардаг, тэр үе болгонд нь өөрийн чадах зүйлсийг хамгийн сайнаараа хэлж, зөвлөж, зааж өгдөг. Бас чи өөрөө л хийхийг хүссэн юм чинь энэ бол шантраад байх асуудал биш илүү ихийг хийж чаддаг болохоор чи өөрөөрөө бахархах болно гэж хэлдэг. Ер нь бол өөрийн хүсэж зорьсон зүйлдээ хүрэхийн тулд өөрийн хэмжээнд их бага гэлтгүй шалгууртай нүүр тулдаг болохоор юу ч болсон шантрахгүй үргэлж зорилгоо бодон тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Чиний гар хөдөлж л байвал чи хийж чадна гэсэн үг тиймээс шантрах хэрэггүй гэж хэлмээр байна. Бас санаанд чинь багтаж л байвал хийхээсээ хэзээ ч бүү цааргалаарай гэж зөвлөмөөр байна.
Бидэнтэй ярилцсан танд баярлалаа
- Та бүхэнд мөн баярлалаа ажлын өндөр амжилт хүсье. Мөн миний ярилцлагыг сонирхон уншсан та бүхэндээ баярлалаа