Монгол Улсын эдийн засгийг энэ онд 6.1 хувиар нэмэгдэнэ гэж төсөөлсөн ч 4.5 хувь болж багассан байна. Эдийн засгийн өсөлт 2022 онд 7.2 хувь байхаар төсөөлсөн нь 5.2 хувь болохоор байгаа аж. Энэ өсөлт өнгөрсөн онд 5.4 хувь болж агшжээ. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев “Олон улсын эдийн засаг сэргэж байна. Түүхий эд, бүтээгдэхүүний эрэлт их байгаа нь экспортын цэвэр орлогыг нэмэгдүүлэхээс гадна вакцинжуулалт эерэг үр дүн авчирна” гэдгийг онцоллоо.
Монгол Улсын эдийн засгийн байдлыг танилцуулсан хэвлэлийн хурлын үеэр Дэлхийн банкны Монгол Улс хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану, “Хүн амынхаа 60-70 хувийг коронавирусний эсрэг вакцинд хамруулсан ч Монгол Улсад өөрийн гэсэн хүндрэлүүд байна. Одоогоор цар тахлын гурав дахь давалгаа дэгдээд байгаа. Эрүүл мэндийн салбарын бэлэн байдал чухал байна. Засгийн газрын дэмжлэгээр цар тахлын хямралын нөлөөг сааруулсан ч бусад орны адилаар эдийн засаг нь удааширч байна. Цар тахлын үед Монгол, Вьетнам зэрэг улс орон Засгийн газраас хүргэж буй дэмжлэгээрээ бүс нутагтаа тэргүүлж байгаа. Өмнө хийсэн тооцооноос эдийн засгийн өсөлт багассан нь худалдаа, хил, гаалийн асуудалтай холбоотой”-г тайлбарлав.
Иймээс цаашид вакцинжуулалтаа үргэлжлүүлж, эрүүл мэндийн тогтолцоогоо бэхжүүлэн, тээвэр ложистикийн системээ сайжруулснаар цар тахлын хүндрэлийг даван туулах боломжтой. Мөн цар тахалтай тэмцэх үүднээс авсан арга хэмжээгээ аажмаар зөөлрүүлж, төсөвт ирэх дарамтыг багасгах шаардлагатай байна. Төсвийн шинжтэй төсөл хөтөлбөрөө танаж, шилжүүлэх хэрэгтэй. Түүнээс гадна санхүүгийн хяналт шалгалтын хүрээнд тавих шаардлага, шалгуур үзүүлэлтийг буцаад зохих түвшинд нь тавьж чангалах нь зөв. Дунд хугацаандаа байгалийн нөөцөөс хэт хамааралтай байдлыг сааруулах, бүтцийн шинэчлэл хэрэгжүүлэх хэрэгтэйг Дэлхийн банк зөвлөлөө.