УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хяналт, зохицуулалтын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран өнөөдөр "Эмийн үнэ, хангамж, хүртээмжийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Манай улсад 2021 оны есдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар нийт 4,233 эм бүртгэлтэй байна. Эм хангамжийн 20 хувийг дотоодын үйлдвэр, 80 хувийг импортоор авч бүрдүүлж байгаа юм.
2020 онд нийт 418 орчим тэрбум төгрөгийн эмийн импорт хийсний 52.5 хувь нь зайлшгүй шаардлагатай эм, 47.5 хувь нь бусад эмийн импорт байжээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас 2021 онд эмийн үнийн талаарх судалгааг 7,500 гаруй иргэнээс авахад
- 38.4 хувь нь худалдан авч буй эм өндөр үнэтэй,
- 46.8 хувь нь эмийн үнээс шалтгаалж жорт бичсэн эмээ худалдан авч чаддаггүй гэж хариулсан бол
- 78.6 хувь нь эмийн үнийг зохицуулахад төрийн оролцоо шаардлагатай гэсэн хариулт өгчээ.