УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж үг хэлсэн юм.
Тэрбээр "УИХ-ын 74 гишүүнээс тав нь өвчтэй байна. Ирвэл зохих 69 гишүүнээс 54 нь ирснээр чуулганы ирц 74.3 хувь болж нээлтээ хийж байна. Өнөөдрөөс эхлээд УИХ-ын гишүүд түргэвчилсэн шинжилгээ өгч, танхимаар хуралдана. 2021 оны улсын төсвийг хэлэлцэж батлахаас эхлээд нэн чухал олон асуудлууд бий.
2021 оны улсын төсвийг хэлэлцэж батлахаас эхлээд нэн чухал олон асуудлууд бий гэдгийг хэлэхээс гадна энэ удаагийн намрын чуулган Монгол Улсын эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлсон чуулган болохыг тодотгоод Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын хөтөлбөрийн үр дүнд эдийн засгийн сэргэлт бий болсон. Гэхдээ нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ цар тахлын өмнөх 2019 оны түвшинд хүрээгүй байна. Манай улсын урсгал тэнцэл 25.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, гадаад өр 32.4 тэрбум ам.долларт хүрч, нийт экспортын 90 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувь нь зөвхөн уул уурхайн салбараас хамааралтай байна. Иймээс дөнгөж сэргэж байгаа эдийн засагт дусал залгаж, хэвийн гольдролд нь оруулах, улмаар сүүлийн 30 жилийн эдийн засгийн гажиг тогтолцоог засах бодлогын реформ хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэхдээ засал төдий өнгөц өөрчлөлт биш, харин өнгөрсөн он жилүүдийн алдааг засч, ирээдүйн хөгжлийн бат суурийг тавих эдийн засгийн тогтолцооны шинэчлэл зайлшгүй хэрэгтэй болсон. Үүний тулд уул уурхайн салбараас хамааралтай эдийн засгийн бүтцэд шинэчлэл хийх замаар дотоодын үйлдвэрлэлийг сэргээж, ажлын байр бий болгон, ядуурлыг бууруулах шаардлагатай байна гэв.
Байнга хувьсан өөрчлөгдөж, шинэ шинэ бэрхшээл учруулж байгаа цар тахлыг зөвхөн хорио хязгаарлалтаар бус, харин иргэн бүрийн хариуцлага, төр засгийн манлайлал, хамтын хүчээр давж гарна. Ингэхдээ хааж түгжихийг урьтал болгохгүйгээр хувь хүн, байгууллагын сахилга хариуцлагад тулгуурлаж, үүссэн нөхцөл байдалд дасан зохицож амьдрах шаардлагатай боллоо. Дэлхийн нийтийн хандлага ч ийм байна" гэдгийг чуулганы үеэр хэллээ.