АНУ-аас Монгол Улс руу илгээх “Pfizer” компанийн “COVID-19”-ийн 900 мянга орчим тун вакциныг тус улс лхагва гарагт хүлээн авах төлөвтэй байна гэж Цагаан ордны төлөөлөгч Америкийн дуу хоолой /VOA/ агентлагт мэдээлэв.
“Монголд аюулгүй, үр дүнтэй вакциныг шуурхай хүргэхийн тулд хоёр орны шинжлэх ухааны баг, хуулийн болон захиргааны байгууллагууд хамтран ажилласан” гэж уг төлөөлөгч хэлжээ.
“Gavi” вакцины холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Цар тахалтай тэмцэх инновацын эвслийн /CEPI/ хамтран санаачилсан “COVAX” хөтөлбөрийн шугамаар 899 730 тун вакциныг Монгол Улсад есдүгээр сард хандивласан “Pfizer”-ын 188 370 тун вакцин дээр нэмж илгээх ажээ. Мөн АНУ тус улсын цар тахалтай тэмцэх үйлсэд 4 сая гаруй ам.долларын дэмжлэг үзүүлээд байгаа юм.
Вакцин үйлдвэрлэгч БНХАУ, ОХУ-тай хил залгаа оршдог бага орлоготой орон болох Монгол Улс нь олон сая тун вакцин татан авсны дийлэнхийг Москва, Бээжинтэй байгуулсан гэрээний хүрээнд хүлээн авчээ. Монголын Эрүүл мэндийн яамны мэдээллээр, улсын хэмжээнд “COVID-19”-ийн вакцины 4 389 409 тунг тариад байна. Нэг хүнд хоёр тунг хийх тооцоогоор энэ нь хүн амын 68 орчим хувьд хүрэлцэх юм.
Тийнхүү халдварын үзүүлэлтүүд буурч, өдөрт дунджаар 2230 тохиолдол шинээр илэрч байгаа нь есдүгээр сарын 6-нд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтийн 60 хувьтай тэнцэж байна