Нийслэлд өнөөдөр АИ-92 автобензины тав хоногийн нөөц байна. Цаашид энэ нөөц өдөр өдрөөр нэмэгдэх тул шатахуун хомсдох эрсдэл үүсэхгүй гэдгийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон өнөөдөр мэдээлэв.
Тодруулбал, манай улсад энэ сард ОХУ-аас 54 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр тохирсон байна. Мөн өчигдөр БНХАУ-аас 58 чингэлэг автобензин орж ирсэн бөгөөд өнөөдөр найм нь Улаанбаатар руу хөдөлжээ. Үлдсэн 50 чингэлгийг Шингэн түлш шилжүүлэн ачих газарт шилжүүлэн ачиж байгаа юм.
Мөн Монгол Улс сард 38-40 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг бөгөөд үүний 95 хувийг ОХУ-аас, 5-10 хувийг БНХАУ-аас импортолдог байна. Есдүгээр сарын сүүлээр ОХУ-ын Роснефть компанийн Ангарскийн үйлдвэрт засвар хийсэнтэй холбоотойгоор манай улсад нийлүүлэх шатахуунд хязгаарлалт тогтоосноор шатахуун хомсдох эрсдэл үүсээд байв. Тиймээс манай улсын таван аж ахуйн нэгж БНХАУ-аас 700 гаруй чингэлэг буюу 33 мянга 300 тонн АИ-92 бензин авахаар захиалга хийсэн. Түүнийг нь Засгийн газраас зохион байгуулалт хийж яаралтай татан авах ажлыг зохион байгуулаад байгаа юм.