Энэ оны хоёрдугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны цэрэг татах ажлыг энэ сарын 15-30-нд зохион байгуулна.
Харин нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-24-нд хугацаат цэргийн албаны татлагыг зохион байгуулна.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга мэдээлэл өглөө.
Тэрээр "Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн буюу намрын цэрэг татлага 2021 оны аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд явагдахаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүний дагуу дүүргүүдэд цэрэг татлагын бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулж, бэлтгэл 90 хувьтай байна. 2020 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдаж, цэргийн албаа хаасан цэрэг дайчид маань өнөөдрөөс эхлэн халагдаж байгаа.
Коронавирусийн халдварын улмаас 2021 оны нэгдүгээр ээлж буюу хаврын цэрэг татлага явагдаагүй. Дэлхий нийт, улс орны хэмжээнд халдвар тархсан ийм нөхцөлд цэрэг татлагыг зохион байгуулахын тулд нэлээд олон ажлыг өвөрмөц байдлаар зохион байгуулна. Есөн дүүргийн цэрэг татлагын товчооны байранд цэргийн зарлан дуудах авсан иргэд биечлэн очих ёстой. Ингэхдээ нарийн зохион байгуулалттайгаар, халдвар хамгааллын дэглэмийг барьж, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр, зөвлөмжийн хүрээнд бүртгэх юм.
Оюутнуудын тухайд өмнө нь Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулиар их дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцаж буй оюутнуудыг суралцаж байх хугацаанд нь цэргийн албанаас түр чөлөөлдөг байсан. Одоо бол энэ заалт хүчингүй. Тиймээс оюутнууд зарлан дуудах бичгийн дагуу цэрэг татлагад хамрагдах ёстой. Цэргийн татлагын байрандаа очиж, эрүүл мэндийн үзлэгээр орох юм. Харин гадаадад суралцахаар болсон, гадаад руу явах, эсвэл өвчтэй, ар гэрийн гачигдалтай, албан томилолтын улмаас цэрэг татлагын өдөр эзгүй байх иргэдийг цэрэг татлагын байранд урьдчилсан байдлаар хүлээн авч, уулзаж байгаа.“Оюутан цэрэг” хөтөлбөр цар тахлын улмаас хойшлогдсон. Цаашид үргэлжлүүлэх эсэхийг Засгийн газраас шийдвэрлэнэ. Одоогоор энэ тухай ямар нэгэн тогтоол шийдвэр гараагүй" гэлээ.