УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ. Тэрээр "Өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хурлын үеэр Н.Ганибал гишүүн бүлгийн зохион байгуулалтын асуудлаар ярилцах санал гаргасан. АН УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр 11 гишүүнтэй болж бүлэг байгуулан үйл ажиллагаа явуулж байсан. Энэ оны долдугаар сарын 5-нд Засгийн газартай хариуцлага тооцох шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлэхээр явж байгаа. Тиймээс УИХ-ын 19 гишүүнийн гарын үсгийг цуглуулах ёстой. Манай бүлгээс гарын үсэг зурсан гишүүд маань эргэж, буцаж байна. АН-ын бүлэгт болон надад янз бүрийн байдлаар дарамт үзүүлж байна.
АН-ын Үндсэн дүрмийн дагуу энэ сарын 15-нд УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг намаас хассан. Н.Ганибал Ж.Батсуурь, Ц.Туваан нар удаа дараа намын эсрэг үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдож, Үндсэн дүрмийн дагуу намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасагдсан. АН-аас энэ тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт явуулсан байна лээ. Ингэснээр манай АН-ын бүлэг найман гишүүнтэй болж байна" гэлээ.