Ирэх жилд Боловсрол шинжлэх ухааны яамны зүгээс ямар ажил хийх талаар салбарын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Яамны зүгээс хамгийн их ач холбогдол өгч ажиллах төлөвлөлт нь “Өргөө” цэцэрлэг, “Хүрээ” сургуулийн цогцолбор байгуулах ажил хэмээн салбарын сайд мэдээллээ. Хүн амын нягтаршил ихтэй, төрийн өмчийн цэцэрлэг, сургуульгүй хороодод "Өргөө” цэцэрлэг, “Хүрээ” сургуулийг барихаар төлөвлөжээ.
Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Цэцэрлэг сургуулийн хүртээмжийн асуудал нийслэлд л яригддаг. Тиймээс гэр хорооллын дунд цэцэрлэг, сургуулийг цогцолбор хэлбэрээр байгуулах шинэ загвар төслийн хөрөнгө оруулалтын бодлого барьснаар хүртээмжийг нэмэгдүүлж, бодит үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Хамгийн бага хэлбэрээр буюу 50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 100 хүүхдийн сургуулийг гэр хороололд барих юм. Одоо цэцэрлэг барихдаа 100-200 хүүхэд, сургууль барихдаа 650-960 хүүхдийн багтаамжтайг барина гэдэг ч газрын асуудалтай нүүр тулдаг. Одоо гэр хорооллын газар чөлөөлөхдөө 2-4 айлын газарт л цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор барин, дунд сургуулиудын харьяа болгож өргөжүүлнэ. Мөн цаашдаа томоохон хорооллын орон сууцны нэгдүгээр давхарт цэцэрлэг, бага сургууль байгуулах стандартын уян хатан байдлыг бий болгохоор төлөвлөж байна. Эдгээрийг богино хугацаанд цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэх хамгийн зөв шийдэл гэж харж байна" гэв.
2022 оны Боловсролын төсөвт 2.3 их наяд төгрөгийг төсөвлөсөн ба үүнд урсгал төсөв 1.8 их наяд төгрөг, хөрөнгө оруулалтад 489 тэрбум төгрөгийг төлөвлөжээ. БШУ-ны сайдын багц нь 2022 онд төлөвлөсөн ДНБ-ий 4.9 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын 12.8 хувийг эзлэхээр байна.