10 дугаар сарын 27-нд Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Мал эмнэлэг, Цагдаагийн байгууллагын 30 албан хаагч Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, 5 толгой, 4-р зөрлөг, Городок гэсэн долоон товчоонд хяналт, шалгалт зохион байгуулсан юм. Шалгалтын хугацаанд Улаанбаатар хотоос 1627 тээврийн хэрэгслээр 2875 иргэн гарч, 1830 тээврийн хэрэгслээр 3336 иргэн нэвтэрчээ.
Энэхүү ажлын явцад Өмнөговь-Улаанбаатар чиглэлд хувийн тээврийн хэрэгслээр 7 ширхэг чонын арьс, нэн ховор амьтан болох 2 ширхэг шилүүсний арьс тээвэрлэж явсныг илрүүлжээ. Мөн Багануур-Төв аймгийн чиглэлд иргэн Ө дамжин өнгөрөх зөвшөөрлийн бичиггүй 16.1тн түүхий нүүрс тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн түр саатуулсан байна. Түүнчлэн сайжруулсан шахмал түлш тээвэрлэн нийслэлээс гаргах гэсэн зөрчил түгээмэл гарч байна.