УОК-ын шуурхай штаб, Онцгой байдлын Ерөнхий газар, ЭМЯ, БШУЯ, МХЕГ, ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээ хийж байна.
Ажлын хэсгийн гишүүд зарим цэцэрлэг дээр очиж нөхцөл байдалтай танилцаж байна. Энэхүү үнэлгээний үр дүнд үндэслэн цэцэрлэгт 2-3 настнуудыг танхимын сургалтад хамруулах эсэх асуудлыг шийдвэрлэх юм.
2021 оны аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар коронавируст халдвараар 0-17 хүртэлх насны хүүхдийн өвчлөл нийт тохиолдлын 19.1 хувийг эзэлж байна. Үүнээс 2-3 насны хүүхдийн өвчлөл 9,0-11,0 хувийг эзэлж байна. Хүүхдийн халдварын тохиолдлын дийлэнх буюу 70.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдээд байна.
Багш, ажилтны “Ковид-19” халдварын эсрэг вакцинд хамрагдалт улсын хэмжээнд 95 хувьтай байна. Харин цэцэрлэгийн насны хүүхдийн томуугийн вакцинд хамрагдалт улсын хэмжээнд 60 хувьтай байна гэж БШУЯ-наас мэдээллээ.