Бакугийн Их дуулга гурван өдрийн турш болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд таван тивийн 29 орны 195 жүдоч өрсөлдсөн юм. Тус тэмцээнийг манай улсын 22 тамирчин зорьсноос хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж багийн дүнгээр наймдугаар байр эзэллээ. Медалийн дүнгээр Япон улс таван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар Бакугийн их дуулгад тэргүүлсэн.
Тухайлбал, Их дуулга тэмцээний сүүлийн өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн +78 кг-д хүчээ сорьсон ОУХМ А.Адъяасүрэн Унгар, Бразилын жүдочдыг ялж, аваргын төлөө Германы бөхтэй барилдан ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Мөн энэ өдөр хүч үзсэн ОУХМ О.Цэцэнцэнгэл +100 кг жинд хүрэл медалийн эзэн болов.
Түүнчлэн, эмэгтэйчүүдийн -63 кг жинд Б.Ганхайч мөнгө, эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой хүрэл, эрэгтэйчүүдийн -73 кг жинд Ц.Цогтбаатар хүрэл медаль тус тус хүртсэн юм.