Боловсролын багц хуулийн төслийн талаар УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ. Багц хуулийн төсөлд багтаж хуулийн төсөл тус бүрээр хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Хэлэлцүүлгийг энэ сарын 12-ноос 2022 оны нэгдүгээр сарын 30-ны хооронд зохион байгуулах юм байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "3.2 сая хүнд бүгдэд нь хамааралтай чухал хуулийн хэлэлцүүлэг эхлэх гэж байна. Боловсролын бүх түвшинд асуудал байгаа" гэлээ. Энэ үеэр Л.Энх-Амгалан сайд цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр "Эрсдэлийн үнэлгээ хийгээд үзэхээр 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах нь эрсдэлтэй байна гэсэн дүн гарч байгаа. Улс орон даяар томуугийн дэгдэлтийн үе ирж байгаа учраас 2-3 настай хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулах хугацаагаа хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн.
Өвөрхангай аймагт сэтгэл эмзэглүүлэм аймшигтай гэмт хэрэг гарсан. Энэ бол дотуур байр, сургуулийн орчинд эрүүл, аюулгүй байх асуудал ямар эрсдэлд орсныг харууллаа. Үүнтэй холбогдуулан шат шатны удирдлагуудад нь хариуцлага тооцохоор ярилцаж байгаа. Ер нь олон нийтэд л мэдээлдэггүй болохоос биш жил болгон сургууль болон дотуур байрны орчинд олон гэмт хэрэг гардаг юм байна" гэлээ.