Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн есдүгээр сарын 17-нд зарлиг гаргаж, Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдийн цол чимгийг гардууллаа.
Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын харцага Д.Анарт Улсын заан цол хүртээлээ.
Энэ үеэр Улсын заан Д.Анар: Баяртай байна. Монгол Улсын Заан гэдэг эрхэм хүндтэй том цолонд хүрсэндээ. Миний бие сүүлийн гурван жил допингтой бөхчүүдтэй барилдаж унасан. 10 гаруй жилийн маань хөлс хүч, ачаалалтай бэлтгэлийг үнэлж энэ цолыг төр засаг маань олгосон болов уу гэж бодож байна. Тухайн үед барилдаж байхад допинг хэрэглэсэн үгүйг мэдэж чадахгүй. Гэхдээ бие болон сэтгэл зүйд маш их өөрчлөлт өгдөг зүйл юм шиг байна лээ. МҮБХ допингийн асуудалд хатуу байр сууринаас хандаж, монгол бөх допингийн асуудлаас ангижрах байх гэж бодож байна. Харамсаж байна. Гурван жил дараалан допингтой бөхчүүдтэй барилдсан нь харамсалтай санагдаж байгаа. Олон жилийн хөлс хүчээ үнэгүйдүүлж байгаад харамссан. Допингтой бөхтэй барилдаагүй бол үүнээс илүү амжилт гаргах байсныг үгүйсгэхгүй. Цаашид заалны барилдаануудын шинжилгээг маш сайн авах хэрэгтэй. Мөнгөн торгууль тавина гэж байсан түүнийгээ ч хэрэгжүүлээсэй. Допинг хэрэглэсэн бөхчүүдэд хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгж байж энэ асуудлаас ангижрах байх гэлээ.